Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Эх хэл, аман уламжлалын өргөө”-ний үйл ажиллагааг Чингис хааны өв, соёлын хүрээлэн хариуцан ажиллалаа. Наадам 2022 оны 08 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр Горхи Тэрэлжийн цогцолбор газар (Сайханы саравч)-т зохион байгуулагдаж өргөөний үйл ажиллагаа батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдсан. Хүндэт зөвлөхөөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Алимаа, оролцогчоор соёлын биет бус өвийн 25 өвлөн уламжлагчид болон салбарын 2 эрдэмтэн судлаач ажиллалаа.
“Эх хэл аман уламжлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн нэгэн ай сав болон эх хэл, аман уламжлалыг сурталчилсан бөгөөд энэхүү ай савд багтах нийт 49 биет бус өвөөс 21 өвийг сурталчиллаа. Тухайлбал, нутгийн аялгуу, ерөөл, магтаал, тууль, түргэн хэллэг, жороо үг, зүйр цэцэн үг, бөхийн цол, морины цол гэх мэт.