Дадал сум
Хар тугийн овоо
Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо хайрхны орой дахь Хар тугийн овоо.
Чингис хаан аян дайнд мордохын өмнө хараа ихт хар тугаа Баян овоо хайрхны оройд цэнгүүлдэг байжээ. Чингис хаан Алтан улс, татаруудтай дайтахдаа их цэргээ “Уулзар” буюу Угалзарт байрлуулж, хэсэг нөхдийн хамт Баян-Овоо хайрхны оройд “Хар туг”-аа тахиж, мөнх хөх тэнгэрт залбирч, сүлд хийморио бадраан дайны зорилгоо хэлэлцэн даатгаж, зарлиг буулгаж байсан юм. Хар тугийг тахиснаар дайснаа дарж, төр улсаа хүчирхэгжүүлэх үндэс болдог. Уг овоог нутгийн иргэд эртнээс үе уламжлан тахисаар ирсэн бөгөөд 1936 оны гал хулгана жилээс хойш тахилга хийгдээгүй хэсэг хугацаанд тасарчээ. Улмаар 2009 оноос Хилийн 0287 дугаар анги сум орон нутагтай хамтран тахиснаар гурван жилд нэг удаа тахиж заншсан бөгөөд Хэнтий аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцдог болжээ.