ИХЭСИЙН ГАЗАР

Ихэсийн газар


Хэнтий аймгийн Батширээт суманд орших Ихэсийн газар.  
“Монголын нууц товчоон”-ы 70 дугаар зүйлд: “Тэр хавар Амбагай хааны хатад Орбай, Сохатай хоёр Ихэсийн газар тайлга гаргасанд Өэлүн үжин хожимдож хүрч очоод, хожимдуулсан Орбай, Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: “Есүхэй баатрыг үхэв үү гэж хөвгүүдийг маань том болоогүй гэж ихэсийн хишгээс [идээ] шүүснээс, сархадаас яахан хождуулав” хэмээн тэмдэглэжээ. Энэхүү мэдээ нь уг зан үйлийг хавар цагт, тогтсон цаг хугацаанд үйлддэг бөгөөд оролцсон хүмүүстээ хишиг түгээдэг зэрэг нарийн дэг жаягтай байсныг харуулдаг. Эрдэмтэн судлаачид язгууртан овгууд өөрийн эрх мэдэл, сүр хүч, ноёлох байр сууриа хадгалах үүднээс сүлд, хийморио даатгасан шүтээнтэй байх шаардлага, хэрэгцээ зайлшгүй урган гарах тул аугаа өвөг дээдсийнхээ сүр хүчийг дээдлэн анхлан голомтоо бадраасан нутагт нь шүтэн жил бүрийн хавар цагт ирж их тахилга хийх шалтгаан болсон бололтой хэмээн үздэг. Тус газрын байршлыг судлаачид өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Баянгол, Өглөгчийн голын бэлчирт буй Дайчин уул гэж үздэг. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл