Их хуралдай цогцолбор
Хэнтий аймгийн Биндэр суманд баригдаж буй “Их хуралдай” цогцолбор.
1206 онд Их Эзэн богд Чингис хаан эсгий туургатныг нэгэн төрийн дор хурааж, Онон мөрний тэргүүнээ Их хуралдай хийж, Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй. Энэ бол нийт Монгол туургатан төдийгүй дэлхий нийтийн хувь заяаг өөрчилсөн Монголын Эзэнт Гүрний тулгын чулууг тавьсан чухал үйл явдал байв. Онон мөрний эхэнд хурсан тэрхүү түүхт Их хуралдай болсон газар орон нь өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн өмнө байх Цагаан нуурын ойролцоо болохыг түүхчид тогтоосон билээ. Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөөг Онон Хурхын бэлчирт 25 га газрыг хамран эртний нэгэн сүрлэг хот мэт харагдахаар байгаль орчны унаган төрх байдлыг тодотгон газар зүйн онцлогт зохицуулан зохиомжилсон байна.