Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть I,II,III цуврал бүтээлийн нээлт, “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн Bluemon “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр боллоо.
Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна. Тус хүрээлэн нь Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх; Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх; Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах; Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх; Монголын Эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах; Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх зорилготой.
Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид бие даасан болон хамтарсан 10-аад судалгааны бүтээл эрхлэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгоод байна. Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботийг эрхлэн хэвлүүлж, өнөөдөр нээлтээ хийж байгаа юм. Цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлэн хэвлэгдэх юм.
Мөн өнөөдөр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн зөвлөх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавтэй хамтран өдгөө Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулан хэвлүүлснийг эл үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлж байна.