Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс санаачлан Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний Төв архивтай хамтран “ЧИНГИС ХААНЫ УГСААНЫ ЗАСАГ НОЁДЫН ТАМГА” үзэсгэлэн, номын нээлтийг Монголын Үндэсний Музейд 2021 оны 10-р сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Үзэсгэлэн 2021 оны 10-р сарын 27-ны өдрийг хүртэл дэглэгдэнэ.
“ЧИНГИС ХААНЫ УГСААНЫ ЗАСАГ НОЁДЫН ТАМГА” номыг түүхийн ухааны доктор На.Батболд эрхлэн бичиж, түүхийн ухааны доктор Б.Нацагдорж, түүхийн ухааны доктор Н.Саруул нар ажиллажээ.
Түүхийн ухааны доктор На.Батболд нь “Угсаа залгамжилсан сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү засаг ноёдын тамганы судалгаа нь түүний докторын ажлын нэг хэсэг ажээ.
Чингис хааны түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, судлах үүрэгтэй Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” бүтээлийг ийнхүү эрхлэн гаргаж, номын нээлтийг үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсан нь шинэлэг байна.
Уг бүтээлд Монгол Улсын Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний Музейд хадгалагдаж буй Манж чин гүрний үеийн 60 шахам хошуудын тамгыг судлан, тамганы бичээсийг хөрвүүлж, гэрэл зургийн хамт буулгажээ. Ингэхдээ мөн хошуудын мэдээлэл, засаг ноёдын угсаа залгамжлалыг багтаасан байна.
Энэхүү үзэсгэлэн, бүтээлээс Чингис хааны угсааны засаг ноёд болох Засагт хаан, Түшээт хааны зэрэг тамганы түүхийг засаг ноёдын зургийн хамт үзэж танилцах боломжийг бүрдүүлсэн байна.