Бурхан Халдун
Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын 271651.17 га талбайг эзлэн сүндэрлэх Бурхан Халдун бол төрийн тахилгат, Монгол үндэстний түүхийн голомт нутаг, дэлхий дээрх Монгол угсаатны итгэл бишрэлийн төв юм. Бурхан Халдун уул нь ар, өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан Халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо бий. 1818 онд албан ёсоор тахилга үйлдэж байв. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авчээ. 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон байна. Түүнчлэн, 2015 оны зургаадугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.