Бодончарын өвсөн эмбүүл
Хэнтий аймгийн Дадал суманд орших Бодончарын өвсөн эмбүүл.
Чингис хааны Алтан ургийн Хиад Боржигон овгийн анхдагч Боданчар мунхаг Балжийн аралд өвсөн эмбүүл барьж суусан байна. Энэ тухай “Монголын нууц товчоон”-ы 24 дүгээр зүйлд: “Бодончар урагт эс тоогдож, “Энд юу хийж сууна” хэмээгээд, гол дайрт годил сүүлт орог шунхлыг унаж, “үхвээс үхсүгэй, байваас байсугай” хэмээж Онон мөрөн рүү давхин одов. Балжийн аралд хүрч, тэнд өмсөн эмбүүл гэр барьж суув” гэж гардаг. Ном сударт эмбүүл, нэмбүүл хэмээн хоёр янзаар бичсэн байх бөгөөд Монгол хэлний их тайлбар тольд эмбүүл хэмээх үгийг: “Өвсөн гэр, нэмбүүл, өмбүүл” гэж тайлбарлажээ. Тус газар өнөөгийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Тэнхлэг горхин Балжийн голын дунд орших арал юм.