Балжийн арал
Хэнтий аймгийн Дадал суманд орших Балжийн арал.
“Монголын нууц товчоон”-ы 24 дүгээр зүйлд “Бодончар урагт эс тоогдож, “Энд атал юун хэмээж, гол дайрт годил сүүлт орог шунхлыг унаж, Үхвээс ину үхсүгэй, аваас ину асугай (Байваас байсугай, амьдарваас амьдарсугай)” хэмээж Онон мөрөн уруу давхиж одов. Зорчиж Балжун аралд хүрч, тэнд өвсөн эмбүүл гэр хийж, тэнд ав суув” гэж гардаг. Балжийн арлын байршлыг тодруулах судалгааг гадаад, дотоодын олон эрдэмтэн судалсныг Э.Равдан абугай нэгтгэн дүгнээд Балжийн “Балжийн гол 10 орчим км-ын зайтай Хэнтийн Дадал сумын баруун талаар урсан өнгөрч байгаа бол Онон гол Дадал сумын төвөөс хамгийн ойр нь 20 км орчим, хол нь 40 гаруй км-ын зайтай зүүн талаар нь урсан Дадал сумын Тариа бригадын хавьд өнөөгийн Цагаан арлын хавьд Балж голтой нийлж байна. Чухамдаа энэхүү Цагаан арал нь Дундад эртний Балжийн арал мөн гэж үзэх үндэслэл байна. Уг арал нь Онон, Балжийн голын уулзварт Балж гол талдаа байна” хэмээжээ.